Thursday, December 3, 2009

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ: Стратегийн 15 ордтой гээд байгаа. Энэ тоо цөөрнө
Монгол Улс нэн шинэ үеийн хөгжлийн ирээдүйгээ уул уурхайгүйгээр төсөөлөхгүй байгаа. Хариуцлагатай уурхай, зөв менежментийг дагасан бодит тооцоо энэ үед чухал байгаа юм. Стратегийн орд газрууд болон бусад асуудлаар Геологийн холбооны гүйцэтгэх захирал
Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.


-Одоо ашигт малтмалын олборлолт хийж буй газрууд 1960-1990 он хүртэлх хугацаанд эрэл хайгуул хийж баталсан ордууд байгаа. Ардчилсан хувьсгалаас хойш геологийн шинжлэх ухаан хөгжөөгүй ч юм шиг санагдахаар юм?
-Социалист нийгмийн үед геологийн судалгаа, шинжилгээнд төрөөс хангалттай хөрөнгө зарцуулдаг байсан. Үүний дунд одоо ашиглаж байгаа ихэнх ордуудыг 1990 оноос өмнө илрүүлсэн юм. Зах зээлийн системд орсноос хойш геологийн байгууллагууд хувьчлагдаж ямар судалгаа хийхээ өөрсдөө шийддэг болж, төрөөс зохицуулах геологийн судалгааны ажлын бодлого алдагдсан. Геологчдын гол зорилго ямар нэгэн ашигт малтмалын орд газар нээн илрүүлэх. Гэвч ордыг олоход, орд болгоход геологчдын оюунлаг чадвар, мэдлэгээс гадна хөрөнгө хэрэгтэй юм. Тэр хөрөнгийг улс нэгэнт гаргахгүйгээс хойш тухайн компани ямар нэгэн эрсдэл хүлээдэг. Үүнээс хамаарч энэ нь геологийн судалгааны ажлын чанар, үр дүнд нөлөөлчихдөг Тэгэхээр хөрөнгө мөнгө болон бодлого, зорилгоос хамаарч геологийн салбарын шинжлэх ухаанч шинж чанар, ажлын үр дүн алдагдаад байна. Гэхдээ бодлогогүй бодлоготой ч юм шиг. Төр, засгийн уламжлалт шинж чанараас хамаарч байгаа юм.

-Тэгэхээр 1990 оноос хойш Б.Болд-Эрдэнэ шинэ орд нээсэн компани байна уу?

-Шинээр нээгдсэн том нь яах аргагүй Оюутолгой. Дэлхийн хэмжээний орд. Монгол Улсад олон төрлийн ашигт малтмалын шинэ орд нээгдэж, түүнийг ашиглаж байна. Өмнөх судалгаанд тулгуурлаж нээсэн нөөц бүхий ордууд байна. Үүний нэг нь Говь-Алтай аймагт Алтайн хүдэр компанийн мэдэлд байгаа төмрийн орд.

-Стратегийн орд газарт үйлчлэх эрх зүйн орчин бүрхэг байна. Үүнийг тодорхой болгох ёстой гэж үзэх хүн олон байна?

-Стратегийн ордод ямар ордыг оруулах нь тодорхой. Гагцхүү ашигт малтмалын хуульд заасныг баримтлах хэрэгтэй. Жагсаалт гэдгээр нь биш. Манайд стратегийн ач холбогдол бүхий 15 орд бий. Гэвч эдийн засгийн цар хүрээ, оруулж буй хувь нэмэр тодорхой биш учраас ашиглалтад ороогүй зарим ордуудыг стратегийн гэх нь буруу. Үндэсний аюулгүй байдал, улсын болон нийгмийн эдийн засгийн хөгжил, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэх гээд хуульд зааснаар явбал одоо стратегийн гэж нэрлэгдээд байгаа 15 ордын тоо цөөрнө. Яагаад гэвэл манай илрүүлсэн ордын ихэнх нь техник эдийн засгийн үндэслэл өнөөгийн төвшинд хийгдээгүй, боловсруулалт дуусаагүй байгаа. Тиймээс хуулийн заалтын дагуу стратегийн орд газруудын хүрээнд хамрагдаж байна уу үгүй юу гэдэг нь бүрхэг байгаа юм.

-Тэгвэл техник эдийн засгийн үндэслэлийг нь яагаад өнөөгийн төвшинд хийхгүй байгаа юм бэ?

-Өмнө нь судалгаа шинжилгээ хийдэг Геологи уул уурхайн эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байсан юм. Одоо байхгүй болсон. Улс дэмжих бодлогогүйгээс геологийн салбарын шинжлэх ухаанч чанар алдагдсан нь үнэн. Төр энэ бүхэнд анхаарлаа хандуулж, хөрөнгө гаргахгүй байгаагаас л хөгжихгүй байна. 2000 онд геологийн судалгааны ажилд хоёр тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөчхөөд амласандаа хүрээгүй. Ирэх жил нь гурван тэрбум төгрөг гэсэн. Эрдэс баялаг, өөрийн нөөц баялгийг судлахад тооцоо үндэслэлтэй хандаж, үүнд хөрөнгө зарцуулж байх ёстой. 2006 оны шинэчилсэн хуульд эрдэс баялгийн салбараас орж ирсэн мөнгөнөөс 30 хувийг нь геологийн судалгаанд зарцуулахаар хуульчилсан ч үр дүнд хүрэхгүй байна. Ядаж өмнөх хуулиа баримтлах ёстой шүү дээ.

-Геологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчин байна уу?

-Мэргэжлийн чадвартай боловсон хүчнээр бид бүрэн хангагдсан. 1990 оноос өмнө өөрийн орны их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад болон Орос, Герман, Болгар, Унгар, Чех зэрэг улсуудад тодорхой төлөвлөгөөтэй бэлтгэгдэж ирсэн юм. Харин сүүлийн үед геологичид өөрийн эх орондоо сурч боловсроод гадаадынхантай хамтарч сураад, гадаадын сургуулиудад мастер, докторын зэрэг хамгаалж байна. Эдгээр боловсон хүчинд тулгуурлаж чадвал Монголын геологи, геологийн шинжлэх ухаан хөгжих бүрэн боломжтой.

-Манайхан геологийн салбарын стандарт, хууль дүрмийг биелүүлэхдээ маруухан л байна аа даа?

-Манайхаас бусад орны геологийн судалгаанд ихэнх мөнгөө тухайн ашигт малтмалын судалгаанд тавигдаж буй шаардлага, стандартад нийцүүлэн зарцуулдаг. Харин манайд ямар нэгэн стандартын дагуу хийдэггүй. Энэ юунаас хамаарч байна гэвэл хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд тааруулж, гүйцэд судлахгүй байна. Үүнээс үндэслээд геологийн салбар хөгжихгүй байгаа. Цаашид геологийн салбарт дэлхийн стандартад нийцэхүйц стандарт бий болгох ёстой. Хөрш орнуудын туршлага байна. Эсвэл дэлхий нийтээр мөрддөг стандарт бий. Эдгээрээс санаа авах уу шинийг зохиох уу гэдгээ шийдэж, нэг мөр болгох хэрэгтэй. Үүний дараа гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй дотоодын компаниудаа яг ийм стандартаар ажиллах шаардлага тавих юм. Эдгээр стандарт буюу геологийн судалгааны ажлын үе шат болон тодорхой төрлийн ашигт малтмалын геологийн судалгааны ажлын аргачилсан заавар, түүнд тавигдах шаардлагын эхний хэсгүүдийг боловсруулаад Монгол Улсын хэмжээнд мөрдөж эхэлчихсэн хүчин төгөлдөр байгаа боловч тэдгээрийг яг дагаж мөрдөж чаддаггүй. Үүний нэг жишээ нь 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн аргачилсан заавар, түүнд тавигдах шаардлага гэсэн стандарт байна. Гэхдээ үүнийг бид өөрийн орны стандартаар батлуулчих ёстой.

-Оюутолгой ордыг ашиглахад гадаадын хүн хөрөнгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө босгосон. Бидэнд дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох боломж бий юу?

-Бий. Гэхдээ геологийн бодлогын чиглэл манайд дутна. Гадаадын зах зээлд гарч ажиллахын тулд тухайн ямар нэгэн төсөлд хэн ажиллаж байна, чанартай, баталгаатай геологийн судалгаа хийж, ямар стандарт баримталж техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байна. Тухайн мэдээллийг олон улсын хөрөнгийн биржид гаргаж байгаа хүн хэн гэдэг, ямар чадалтай геологич, эсвэл этгээд байна вэ гэдэг чухал. Монголын геологич дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Тиймээс дэлхийн зах зээлд хөл тавъя гэж байгаа бол монголын геологийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, чадах хэмжээний хууль, эрх зүйн орчин байх ёстой. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний дараа хөрөнгийн биржээс мөнгө босгоно. Чадалтай геологичид манайд зөндөө бий.

-Манай баялгийг ашиглаж хэн нэгэн геологич Торонтогийн биржид мөнгө босгож байна. Энэ хууль ёсных мөн үү?
-Дандаа л ингэдэг шүү дээ. Манай геологичдийн хийсэн юмыг төр засаг үнэлэхгүй байгаа учраас Торонтогийн биржид үнэлэгдэж, итгэмжлэгдсэн гадаадын нэг геологич, хэн нэгэн этгээд ирээд өөрсдийн нэрээр гаргаж байгаа юм. Хэрэв манайх өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаад, дэлхийн хэмжээний геологичдоо дэмжээд, хуульчилж өгвөл бид ч хөрөнгө босгож чадна.

-Эрх зүйн ямар орчин хэрэгтэй гэж?

-Энэ жилээс ЭБЭХЯ, Монголын геологийн салбарын холбоод, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч Монголд геологийн чиглэлээр ажилладаг зөвлөх геологич, мэргэшсэн геологичийг тодруулах гэж байгаа. Үүнд тэнцэж, зөвлөх, мэргэшсэн геологич болбол дэлхийн стандартад нийцсэн гэж үзэж болно. Манай улсад 5000 орчим геологич байдаг. Энэ жил 11-ийг нь зөвлөхөөр шалгаруулах юм.

-Тэгвэл мэргэшсэн, зөвлөх геологичдын судалгааг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж болох нь ээ?

-Дэлхийн зах зээлд хөрөнгө босгохын тулд стандарт шаардлагад нийцүүлэх ёстой. Ядаж л Торонтогийн стандартыг хангах ёстой. Бид тэр стандартад нийцүүлж, хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийх шаардлагатай болно.

-Жил бүр 11 зөвлөх нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм. Өндөр шаардлага тавьж, стандарт хангасан геологич авна. Маш өндөр шалгуур тавьж байгаа.

-Ямар шаардлага тавих юм?

-Мэргэшсэн геологич 3-5 жил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилласан байх шаардлагатай. Зөвлөх геологичид 10-15 жил байна. Ямар нэгэн төрлийн ашигт малтмалын ордод ажиллаж байсан, уг ажлын үр дүнгийн нөөцийн хэсэгт голлон оролцсон байхаас гадна харилцааны соёл, хэлний мэдлэг, шинжлэх ухааны чиглэлээр хэрхэн ажиллаж байсан зэрэг шалгуур үзүүлэлт байна, Мөн ямар нэгэн алдаа гарвал хариуцлага хүлээх чадвартай байх ёстой.

No comments:

Post a Comment