Thursday, December 3, 2009

А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа

А.Амарсайхан: Олон л “хэцүү анги”-тай учирч байлаа
"Хэцүү анги" киноны зохиолч А.Амарсайхантай ярилцлаа.

-Гадуур танай киноны II анги хийгдэх гэж байгаа гэсэн мэдээлэл таржээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тийм үү. Ямарч байсан бидний хийсэн кино хүмүүст хүрч байна. Одоогоор хоёрдугаар ангиа хийнэ гээд зохиолоо бариад суусан юм алга. Гэхдээ энэ талаар яригдаж байгаа.

-"Хэцүү анги" таны анхны кино зохиол байв уу?
-Миний хувьд Үндэсний телевизийн олон зохиомж дээр ажилласан байдаг. Мөн "Сумын дарга" гэдэг инээдмийн кино бичиж байгаад гаргаж чадаагүй. Харин дараа нь "Хэцүү анги" кино бичихээр болсон. Ерөнхийдөө хоёр дахь кино юм уу даа.

-Энэ киног танд захиалж бичүүлэв үү, аль эсвэл биччихсэн бэлэн зохиол байсан юм уу?
-Манай киноны гол ажлыг нугалсан хүн бол Б.Навчаа найруулагч маань шүү дээ. Нэг өдөр над дээр ирээд "Хоёулаа кино хийе" гэсэн. "Нэг сургууль, хөдөөний багш, бас сахилгагүй анги байх юм" гээд санаагаа хэлсэн л дээ. Тэгээд бичиж гарлаа. Яг өнгөрсөн жилийн долоон сарын 1-ний үйл явдлын үеэр эхний гурван ангийг нь бичээд найруулагчдаа өгөөд явуулсан. "Хүн бүхэн их сайхан кино болох юм байна гэж урам өгсөн гэсэн. Тэгээд Навчаа найруулагч нэг өдөр надруу яриад "Хийхээр боллоо чи цааш нь бич" гэлээ. 13 ангийг нь биччихээд байж байсан чинь гэнэт Үндэсний телевизээс "Мөнгөний асуудал хүнд байна" гээд болиулчихсан. "Хэцүү анги" зохиол маань 13 ангитайгаа жил гаруй байсан шүү.

-Тэгээд кино маань яаж гарахаар болсон юм бэ?
-Навчаа найруулагч бид хоёр нэгэнт л зохиолоо биччихсэн юм чинь хувийн студитэй тохиролцоод ивээн тэтгэгч олоод хийе гэж ярьж байтал Ц.Оюундарь захирал их зориг гаргасан. Учир нь үндэсний телевизээс гарч байгаа техникийн зардлыг нь хасаад үзэхэд л 200-гаад сая төгрөг болж байсан. Тэрнийг шууд бариад авна гэдэг их зориг шүү. Тэгээд л нэг юм шийдэгдэж бид ажилдаа орсон доо. Киноны зохиол зураг авалтад дээр өдөр шөнөгүй ажилласан. Нэг ангитай кино хийхэд бүтэн зун болдог. Тэгээд зургаа зүгээр л нэг павилонд авчихааргүй. Гэр доторхыг нь нэг газар авлаа гэхэд орцыг нь өөр газар мөн гаднах зургийг нь гэхэд Москва хороолол гэх мэтээр зураг авалт хийсэн. Өөрөөр хэлбэл, асар их хөдөлмөр зарцуулсан гэсэн үг. Ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, ерөнхий найруулагч Л.Ариунжаргал, зураг авалтын баг өдөр шөнөгүй ажилласан.

-Кино зохиолын судалгаа хэрхэн хийгдсэн бэ?
-Ер нь судалгаа нь бэлэн байсан. Би өмнө нь хөдөө сумын дунд сургуулиас эхлээд олон газар багшилж байсан болохоор энэ тал дээр санаа зовоогүй. Ер нь өмнө багшийн тухай роман бичихийг боддог байсан хүн л дээ. Дээр нь нэмээд киноны өмнө олон хүүхэд, багштай уулзаж ярилцсан.,"Сэтгүүлч" коллежид элсэлтийн ярилцлага хийж суухдаа, хүүхдүүдээс ямар багш таалагддаг вэ, ер нь сүүлийн үед хүүхдүүд ямар дуу сонсож байна гээд асуугаад байдаг байсан. Энэ маань их хэрэг болсон.

-Зохиолоо яагаад "Хэцүү анги" гэж нэрлэх болсон юм бэ?
-Багадаа 8-Б гэж сургуульдаа нэртэй хэцүү ангид сурч байлаа. Миний үндсэн мэргэжил инженер шүү дээ. Аав маань орос хэлний багш бол гээд сум руу явуулж байсан. Баян-Уул суманд очоод хэцүү ангитай таарч байлаа. Мөн аймгийн төвд хоёрдугаар арван жилд бас нэг хэцүү ангийн багш болсон юм. Тэгээд найруулагчтайгаа ярилцаж байгаад ийм нэр өгсөн.

-Тэгвэл зохиол маань бодит амьдралаас сэдэвлэсэн байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Миний хувьд тийм муухай ааштай захиралтай учирч л байсан. Мөн тэр ангийн хүүхдүүдийн чөлөөтэй байдал амьдрал дээр байдаг. Мэдээж зохиол учраас хэтрүүлэгтэй зүйл байгаа. Гэхдээ амьдралд байдаг, зүйлийн талаар гаргаж ирсэн болохоор хүмүүст хүрч байгаа гэж бодож байна. Зарим эцэг эхчүүд манай киног үзээд "Одооны хүүхдүүд шал өөр болчихсон байна. Хүүхдүүддээ маш их анхаарал тавьдаг гэж боддог байсан чинь үгүй юм байна" гэж ярьж байна лээ. Үүнд нь бид их урамшиж байгаа.

-Киногоороо юу ойлгуулахыг зорьсон бэ?
-Манай киноноос бичил монгол орныг харж болно. Хүүхдүүдээс асууж байхад бараг 99 хувь нь хотын гудамжаар архи уучихсан, дуртай газраа бие засчихаад явж байгаа хүнийг хараад их хэцүү санагддаг гэж ярьж байсан. Одоо Тэмүүн "Энэ хөдөөнийхөн хотыг бохирдуулаад байна. Утаагаар амьсгалаад байна" гээд л шаналаад байна шүү дээ. Тэгэхлээр киноны тайлал маань хөдөөний хүн буруу биш юм аа гэдгийг цаад утгаараа ойлгуулахыг зорьсон.

-Дэлгэцээр гарч байгаа киногоо харахад алдаа оноо нь юу байна?
-Бид богино хугацаанд "гэрлийн хурдаар" шахуу ажилласан гэдэг утгаараа зарим зүйл дээр мэр сэр алдаа явчихсан байгаа. Жишээ нь "нэг суудалтай парламент, захиргааны хэргийн шүүхийг олон нийтийн шүүх гэдэг ч юм уу. Мөн би зохиолдоо "Залгамж" цогцолбор сургууль гэж бичсэн. Тэгсэн чинь зураг авалтын массовкад орж байгаа хүүхдүүд дандаа том том хүүхдүүд байгаа учраас бид ярилцаад, "Оч" ахлах сургууль болгосон. Тэгээд нөгөө ахлах сургуульд бага ангийн багш ажиллаж байдаг. Бага ангийн хүүхэд гүйж ирээд "Ах аа таныг тэр дуудаж байна" гэдэг тиймэрхүү зүйлүүд байна.

-Кино маань мэдээж сайн сайхнаар төгсөх байх даа?
-Энэ мэдээж нууц байлгүй яахав. Зарим нэг тэвчээргүй хүмүүс надаас асуугаад л байгаа. Гэр бүлийнхээ хүнд ч хэлэхгүй байгаа шүү дээ. /инээв/

No comments:

Post a Comment