Thursday, December 3, 2009

"Би ч бас найдаж байна"

УИХ-ын гишүүд бүхнийг мэдэгч мэргэн жараахай юу?
2010 оны улсын төсөв батлагдаад цөөн хонож байна. Төсөв тойрсон маргаан мэтгэлцээн хаа сайгүй өрнөж, тэр хэрээр Сангийн яамны боловсруулж, УИХ-ын баталсан төсвийн тухай хуулийн булхай олон нийтэд ил болсоор байна. Аливаа “но”-той бүхнээ нууж хаахаар санаархдаг манай мэргэн төр энэ удаад ч сурсан зангаа тавьсангүй.

Төсөв хэлэлцэж эхлэхэд Сангийн сайд энэ жил гишүүдийн гэх мөнгө төсөвт байхгүй гэж мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ гишүүдийн мөнгө энэ жил дуулдахгүй байгааг сайшаан тэмдэглэж байв.

Харин УИХ-ын олонхийг бүрдүүлэгч намуудын 73 гишүүн бүр өөрт ногдох нэг тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахаа тооцоод бэлдчихсэн байжээ. С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нараас таг нуугаад өнгөрөх боломжгүй тул цагийг нь тулгаж байгаад С.Баярцогт сайд төлөөний түшмэлээрээ тэдэнд хэл хүргэсэн бололтой юм. Харин өнөөх гурав нь “өөдгүй” зан гаргаад олон нийтэд дэлгэж орхив.

Асуудал нэгэнт ил болж, шуугиан дэгдээд ирэхээр УИХ-ын дарга, гишүүд өөрсдийгөө өмгөөлөн мэдэгдэл хийж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд эрхэм спикер МҮЭ-ийн даргатай уулзахдаа аймаг, дүүргийн асуудлыг гишүүд хэнээс ч илүү мэддэг, илүү мэдэх өөр хүн Монголд байхгүй, бүр бүх шатны засаг дарга нараас ч илүү мэддэг, тийм болохоор гишүүдийн мөнгө зарцуулдаг нь зөв гэж хэлж байна.

Л.Гүндалай тэргүүтэн өөртөө бассейн, Г.Занданшатар нар харин хамаатан садандаа байр “төсөвлөв”

Анх 10 саяас эхэлсэн улстөрийн авилга энэ жил 100 дахин өсч, 1 тэрбум төгрөгт хүрсэн. Эрхэм гишүүд бүгд тэрбум төгрөгөө хэрэггүй зүйлд зарсан гэвэл гүтгэлэг болох байх. Эрүүл мэнд, боловсрол гээд эн тэргүүнд анхаарах салбаруудад хөрөнгө, мөнгө хуваарилсан байна лээ, зарим нь.

Харин Монгол улс 76 Сангийн сайдтай байж болохгүй гэдэгтэй тэд санал нийлэхгүй байгаад хамаг учир нь байгаа юм. Иргэдийнхээ татварын мөнгөөр хишиг өглөг тарааж, Намсрай бурханы дүрд тоглон, сонгуулийн оноо түүхэд нь хэрэгтэй байдаг болохоор арга ч үгүй биз дээ. Дийлэнх гишүүд ийм зорилгоор мөнгө авахдаа дуртай байдаг бол харин зарим хэсэг нь дундаас нь “юм” хусч чаддаг байна.

Хөгийн гэмээр заалтуудаар дүүрэн төсвийн тухай хуулиас цөөн заримыг нь энд цухас дурдъя. Хэн “өөртөө” хэдийг хуссаныг та өөрөө эндээс хар.

Хөвсгөлөөс сонгогдсон Л.Гүндалай тэргүүтэй 4 гишүүн нуурийн эрэг дээр орших Хатгал тосгонд зөөврийн бассейн 29 сая төгрөгөөр худалдан авч бүлээн усанд булхана. Эрүүл хүн гэгч (“Эрүүл монгол хүн” хөтөлбөр биш) хөтөлбөрийн 400 сая төгрөгийг, Монгол ногоо төслийнхөө 75 саяыг ч бас мань эр “өөртөө” консервлосон байна.

Баянзүрх дүүргээс сонгогдсон хэд бас яаж дутах вэ, “Баянзүрх-хөгжил”, “Баянзүрх-Нэг зүрх” гээд гурван зүрхтэй хоёр хөтөлбөрөөс нийтдээ 1 тэрбум 350 саяыг тууна.

Баянхонгороос сонгогдсон Г.Занданшатар нар харин хамгийн сэргэлэн нь. Баянхонгороос Улаанбаатарт нүүж ирсэн орон сууцны гачигдалтай ах дүү нартаа төсвийн 400 сая төгрөгөөр байр, сууц авч өгөхөөр болжээ.

За, тэгээд хувийн хэвшлийг дэмжиж нэрээр Дорнодын П.Алтангэрэл нар 350 саяар хувийн компаниа дэмжинэ, харин Сангийн сайд болохоороо давуу эрх эдэлсэн юм байх, С.Баярцогт гишүүн яг ийм нэрээр 800 сая төгрөг төсөвт суулгасан байна.

Бурхантай, бунхантай, хууртай гээд нэг баахан хөшөө дурсгал нутагтаа босгосон Д.Хаянхярваа гээд гишүүн байдаг даа. Тэр гишүүн 75 саяар төрийн далбаа бас нутагтаа мандуулахаар болжээ. Гэхдээ мэдээж бас л төсвийн мөнгөөр.

Сүхбаатар аймгийн хоёр гишүүн харин сумдынхаа хурган дарга нарыг бизнес хийдэг хэдтэйгээ 15 саяын үнэтэй найр хийхээр батлуулсан нь бараг хамгийн бага нь юмуу даа.

Улстөрийн авилгын нийлбэр 400 тэрбум

76 тэрбум яахаараа 400 тэрбум болчихдог юм бэ гэж та бүү гайхаарай. Улстөрийн авлигын мөнгө бас дуусаагүй байна. Нөгөө сонгуулийн санал худалдаж авсан амлалтын 1 сая 500 мянган төгрөг чинь 8 хувьдаа хүртлээ ханш нь унаж, иргэн бүрд 120 мянган төгрөг өгөхөөр болж хуульчлагдсан. Тэр нь 324 тэрбум төгрөг болж байна.

Ингээд 76 тэрбум+324 тэрбум=400 тэрбум


Бүр тэгшхэн 400 тэрбум төгрөг болж байна гээч. 400 тэрбум гэдэг бол арваадхан жилийн өмнөх Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх их мөнгө. 10, 100, 250, 500 сая улмаар 1 тэрбумд хүрсэн авилга ирэх жил 2 тэрбум болж өсөхөд гайхах юмгүй. Ахиад л иймэрхүү элий, балай жагсаалтаа төсвийн хууль нэрээр тэд батална.

Одоо хүмүүс ярьж, бичиж байна. Одоо цор ганцхан найдвар үлдсэн гэж, тэр нь Ерөнхийлөгчийн хориг. Энэ 76 тэрбум төгрөгийг ядаж аймаг, дүүргийнх нь Иргэдийн хурлын мэдэлд шилжүүлж баталчхаад ир ээ гээд Их хуралд нь буцаах эрх гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид л байна.

Хүмүүс итгэж, найдаж байна. Би ч бас найдаж байна ...

Иргэний Зориг Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Г.Ганбат

No comments:

Post a Comment