Thursday, December 3, 2009

Хэрэг хуучирдаггүй

Хэрэг хуучирдаггүй
-Иргэний үг-
Олон улсад цагаан захтны хэмээн нэрлэгддэг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн хэрэг сүүлийн үед Монголд тун элбэгшсэн. Ийм хэрэгт орооцолдон хууль, шүүхийн хаалга татаж шалгуулж байсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд харин ямар нэг ял зэм үүрэлгүй эгээ л гавъяа байгуулсан баатар шиг хээв нэг алхаж яваа нь зүйд нийцнэ гэж үү.
Хууль хяналтын байгууллагынхан эрх мэдэлтний өмнө бөхийж, хүчгүй нэгнийг шийтгэдэг хоёр нүүрээр хууль номыг сахиулдгийн уршгаар Монголд эрүү, иргэний, авлигын дуулиант хэргүүд шийдэгдэхгүй олон жилийн нүүр үзэж, зарим нь мартагдахад хүрч байгааг цорын ганцхан жишээнээс тодорхой харж болно. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбаттай холбоотой их мөнгөний дуулиант 225171 тоот эрүүгийн хэрэг билээ.
О.Чулуунбатаар овоглосон энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газрынхан шалгасан ч шийдэж чадалгүй долоо дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй юм. Уг хэрэгт холбоотой хуулийнхны цуглуулсан баримт хэдэн хавтас болсон. Эдгээрт буй баримтаас ганц нэгийг сөхье.
-О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ОХУ-ын "Кредит Транс" гэх хувийн банкинд Монгол Улсын 10 сая ам.долларыг хадгалуулах шийдвэр гарган шилжүүлсэн ч одоо энэ мөнгө сураггүй алга болсон. Хадгалуулах нэрийдлээр алдсан гэсэн үг.
-Оросын "Алтан дорнод Монгол" компанийн Монголбанкинд тушаасан алтнаас Монгол Улсын хуулиар авах ёстой гэнэтийн ашгийн татварыг авалгүй 85 хувьтай тэнцэх мөнгийг тэдний өмнөөс "Jerald Metalz" компанид шилжүүлсэн.
-Малайзын "SIL" компанид 56 сая ам.доллар алдсан гээд хэний ч санаанд буумгүй, жирийн иргэн барих бүү хэл хараа ч үгүй их мөнгөтэй холбоотой баримтууд байдаг юм. Харамсалтай нь мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэггүй хуультай өнөөгийн нөхцөлд энэ хэрэг ингэсгээд мартагдаж, түүний өмнөөс ард түмэн хохироод үлдэх вий гэсэн эмзэглэл олон хүнд байдаг юм.
Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. Тэгээд ч шударга, ардчилсан нийгэмд гэмт хэрэг үйлдсэн л бол хэнбугай ч зохих ял шийтгэлээ хүртэх ёстойг санах хэрэгтэй юм. Монголын хууль хяналтын байгууллагууд "цагаан захтаны" гэгдэх энэ мэт олон дуулиант хэргүүдийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт ард түмэн найдаж байна.

No comments:

Post a Comment