Thursday, December 3, 2009

Хадны мангаа

Хадны мангаа


Шуурхай ажиллаж чадсан Монголбанкинд талархал илэрхийлье. Арилжааны “Зоос” банк корпорацийн муу менежмент хийж байсан учир дампуурлаа. Эдийн засгийн хямралын Монгол улсад үзүүлж буй нөлөө дандаа муу байгаагүй. Хэн нь амьдрах чадвартай вэ гэсэн асуултын хариуг чухамдаа хямрал хэлж өгч байна. “Зоос” банк халуурч байгааг зарлаж, шууд эмчилгээ хийж эхэлсэн Монгол улсын Төв банкны бодлого зөв юм. Яг нэг жилийн өмнө “Анод”-ын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доголдож эхлэхэд Монголбанк харин өнөөдрийнх шиг шуурхай ажиллаагүй. Засгийн газрын шууд оролцоогоор “Анод”-д бүрэн эрхт төлөөлөгч оруулж, захирлуудыг нь Ганц худагт хорьсон. “Анод”-ын тохиолдолд Монголбанк эрх мэдэлгүй байж, улс төрийн шийдвэрийг дагалдаж байсан нь тэр.

Өнөөдөр “Зоос”-ын дампуурлыг сүржигнүүлэн, хаа нэгтээгээс хадны мангаа босгох кампанит ажил хэтэрхий эрээгүй өрнөж байна. Монголын банк санхүүгийн салбар дахь өвчин хууч, уранхай ноорхой хямралын салхинд сөхөгдөн ил гарч байгаагийн бурууг нэг нэгэндээ тохон , цохон , нийгэмд ойлгомжгүй түгшүүр төрүүлж эхэлсэнд харамсч байна. Төв банк “Зоос”-ын дампуурлыг ил гаргах шийдвэрээ тийм хялбар гаргаагүй. Яагаад гэвэл Монголбанк бие даан үйл ажиллагаа явуулах бололцоогүй байна. Энэ нь УИХ-ын хяналт дор ажилладаг байгууллага боловч үнэн хэрэгтээ улс төртэй хамаатай бүх талын хараат, буулган дор нь дальдчиж явдаг газар. Ерээд онд ч ийм байсан. Өдгөө ч өөрчлөгдсөн зүйлгүй. Эднийх инфляцийг онилох мөнгөний бодлогоо зарлаж л байдаг.

Нөгөө талд нь Засгийн газар зардлаа нэмээд инээж л суудаг. Эцэст нь мөнгөний бодлого дампуураад ирэхээр Төв банкны хэдэн захирал загнуулаад, “хөөе чи дуугараач” гэж хэлүүлэн барин Их хурлын чуулган дээр ямар нэгэн хөшөө болоод сууж л байдаг юм. Монголбанкны хяналтын үйл ажиллагааны муугаас хадны мангаа босгож ирэх хялбархан боловч одоо энэ системд мөрдөж буй хуулиа дагах юм бол бараг бүх зүйл банкны нууцын зэрэглэлд орчихоод байна. Том хувьцаа эзэмшигчээ, эзэн ноёноо зарлаж болдоггүй, банкны Гүйцэтгэх захирал ажлаа хэнд ч тайлагнадаггүй, ТУЗ-ийн дарга, том хувьцаа эзэмшигч гэж хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй , хүссэн хүндээ зээл олгох тушаал буулгадаг зэрлэг менежмент арилжааны банкуудад үүрлэсэн. Энэ бол корпорацийн менежмент биш. Харин дампууруулах менежмент. “Зоос” жам ёсоороо унасан. Үүнийг зарлах гэж Монголбанк хэрдээ тэвдсэн ба тэд улстөрчдөөс зөвшөөрөл хүлээж хэд хоносон билээ. Уг нь банкны тухай хууль тогтоомж төгөлдөржсөн улсад бол Төв банк эрх мэдлийн хүрээнд авах арга хэмжээгээ даруй хэрэгжүүлэх бололцоотой байдаг. Манайд тийм бололцоо бүрдээгүй байна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас банкуудын харилцах, хадгаламж гадагшилж эхлэх үеэс энэхүү нууцлагдмал системд эрүүл салхи оруулах шаардлага тулгарсан. Төв банкны тухай хуулийг шинэчлэн найруулах  болон Банкны тухай хууль батлуулах хүсэлтээ Монголбанк  намрын чуулганаар хэрэгжүүлчихнэ гэж найдсан юм. Гэвч банкны салбар дахь бүтээлэг хучлагыг нээж онгойлгох учиртай эрх зүйн зохицуулалтууд хаврын чуулган хүртэл хойшилжээ. Хэдийгээр хууль эрх зүйн хувьд онгорхой цоорхойтой хэвээрээ байгаа боловч эгзэгтэй энэ үед Монголын төр улс төрийн шийдвэр гаргасан билээ.

Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд гурван өндөрлөг, УИХ-ын бүтцийн удирдлагууд, сайд нарын түвшинд “Зоос”-ыг хэрхэх болон арилжааны банкуудын нөхцөл байдлыг хэлэлцжээ. Уг улс төрийн шийдвэр Төв банкинд итгэлтэй ажиллах бололцоо тавьж өгсөн. Монгол улсыг Хөгжүүлэх сангийн ёроолд үлдсэн 65 тэрбум төгрөгийг арилжааны гурван банкинд байршуулан, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь дээшлүүлэх арга чарга хайж байсныг татвар төлөгч та мартаагүй биз. Өнгөрсөн хаврын үйл явдал шүү дээ. Тэр гурвын нэг нь “Зоос”. “Зоос”-ыг торгоох гэж нийтдээ гурван удаагийн дэмжлэгийг Монголбанк үзүүлсэн. Бараг зуун тэрбум дөхөх тэр их хөрөнгө энэ банкны том хувьцааг эзэмшигч ноёд, гүйцэтгэх удирдлагын ажлын алдааны төлөөс болон салхинд хийссэн юм. Хэрэв “Зоос”-ыг унагасан хадны мангаа хайж байгаа бол тэр нь хувь нийлүүлэгчид өөрсдөө. Арилжааны банкуудыг дараалан дампууралд түлхэж байгаа том зээлдэгчид дүрээрээ. Энэ хүмүүст төр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэг. 

Эдүгээ банкны салбарт хөдөлгөөн орох тусам гайхалтай уран сэтгэмжүүд хүчээ авч байна. 2009 оны гуравдугаар улирлаас буюу өдийд арилжааны банкуудын зээлийн багцад аудит хийлгэх ажил эхлэх ёстой байлаа. Ийм арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч наймдугаар сарын 19-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд анх танилцуулсан юм. Аудит одоогоор эхлээгүй. Шалтгаан нь техникийн чанартай байж мэднэ. Ямар ч байсан ийм шалгалт хийлгэх хүсэлтээ манай төр, засаг Дэлхийн банкинд тавьжээ. Шалгалт орсны дараа, арилжааны банкуудын гол үзүүлэлтүүд эрүүл хэвийн хэмээн баталгаажсаны хойно Хөрөнгө оруулалтын олон улсын банкууд тэдэнд санхүүжилт хийх юм. Хөрөнгө оруулах газрууд нь Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк. Банкны эрүүлжсэн системд хөрөнгөө оруулах гэж хүлээж байгаа газрууд. Монголд хэрэгжих маш олон төслийг санхүүжүүлэх байгууллагууд.

Гэтэл эднийг ээлжит хадны мангаа болгон зарлаж эхэллээ. Уул уурхайн салбарт орж ирэх  их хөрөнгийг замаас нь хурааж аваад, мөнгө угаах гэж байгаа юм гэсэн айдас ард олонд төрүүлэв. Ямар нэг аймшигтай зүйл болох гээд байгаа бололтой. Тэр нь гадна талаас л ирнэ шүү хэмээн битүү хатуу сүржигнэцгээж байна. Тэгвэл жинхэнэ аюул биднийг дотроос нь хагалж хэмлэсэн, Монголынхоо төрийн байгууллагуудыг хүний санаанд оромгүйгээр хардаж гүтгэсэн, манай улсад хямралтай цаг үед гар сунгасан олон улсын хөгжлийн байгууллагуудыг гутаан харлуулсан энэ их хар хэрүүл толхилцооноос гарч байна. Өвчнөө эмчлээгүй цагт манайд олон улсын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хувь нийлүүлэгч нь тодорхойгүй банкинд хэн итгэж мөнгөө байршуулах вэ. Зээлийн багц сайн байгаа гэсэн тайланд өнөөдөр итгэх хүн байгаа юм уу. Өнгөрсөн нэг жилийн дотор дийлэнх банк зээлийн хугацаагаа сунгасан. Тэгээгүй бол муу зээлийн хэмжээ үлэмж өсөх байсан юм. Одоо хугацаа сунгасан зээлүүд муу ангилал руу гулсан орсоор байгаа. Оросын арилжааны банкуудад яг ийм үйл явц өдгөө өрнөж байна. Манай Төв банкны захирал зайлуул , ойрд нойр муу яваагаа амандаа бувтнангаа банкуудад эмчилгээ хийхгүй бол их мөнгө манайхыг тойрно шүү гээд хэлчихсэн чинь уул уурхайн санхүүжилт хаашаа орох нь вэ гэсэн эрэн сурвалжлах хийрхэлд хүч нэмчихжээ.

Дайсан тагнуул илрүүлэх кампанит ажил улмаар хүрээгээ тэлж, үндэснийхээ компаниудыг онилж эхлээд байна. Монгол улс хөгжлийн олон гарцтай байж гэмээнэ дэлхий ертөнцтэй ойртохыг эрүүл саруул ухаантай монгол хүн бүр ойлгоно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд Монгол улсын төмөр замын гурван гарцыг санал нэгтэй дэмжсэн юм. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг баяжуулсан , боловсруулсан бүхий л хэлбэрээр зах зээлд хүргэх гарц хойшоо, урагшаа, эдгээрээр дамжаад гурав дахь хөршүүдийг чиглэх ёстой. Гэтэл яагаад ч юм Тавантолгойгоос Зүүнбаян-Сайншандыг чиглэсэн ганц төмөр зам байж гэмээнэ Монгол улс хөгжинө гэсэн хатуу тулгалт сүүлийн өдрүүдэд хүчтэй сонсогдов. Тавантолгойгоос Сайншанд , цаашлаад Находка хүртэл довтолгох галт тэрэгний зам тавиад өгвөл монголчууд баярлана.

1000 километр төмөр зам гэдэг Лүнгийн зам биш, асар өндөр өртөгтэй. Ийм бүтээн байгуулалт хийж өгөх гэж байгаа Оросын төмөр замчдад баярлалаа. Та бүхэн замаа нэн даруй тавина уу. Гэхдээ энэ чиглэлийн замын техник эдийн засгийн үндэслэл гараагүй, санхүүжилт тодорхойгүй зэргийг бодолцвол, басхүү Монгол улс бие даасан олон тулгуурт гадаад бодлоготойн учир нүүрсний дэлхийн хамгийн том зах зээл рүү тавих төмөр замын үлдэх хоёр маршрутаа зайлшгүй татах ёстой. Нэг төслийг нөгөөгөөр нь цохих хүсэл монголчуудад байхгүй. Ганц улс манай төмөр замын бодлогыг тодорхойлсон чигээрээ дараагийн зуун дамжин хойч үе маань довтолгоно гэвэл эндүүрэл. Тэр тусмаа Монголын үндэсний компани бие даан хэрэгжүүлж, дэлхийн зах зээл дээр Австрали улстай өрсөлдөх өдөр хаяанд ирээд байхад ийм төслийг эсэргүүцэх монгол хүн байхгүй. Австралийн баяжуулсан нүүрс экспортлогчид Монголын өрсөлдөөнөөс эмээж байхад энд бид нар нэгнийхээ хөлнөөс чангааж, чи надаас түрүүлж ашиг олох гэлээ хэмээн зүтгэж байна.

Жинхэнэ хадны мангаа бол Монгол хүн нэг нь нөгөөгөө доош чангааж буй хэмлэлдээн юм. Бизнесийн салбарт түүчээ нь болж явдаг том компаниуд үндэсний бусад аж ахуйгаа, дотоодын боловсон хүчний бодлогоо, орон нутгийн хөгжлийг, том яривал дэлхийд Монголын гэсэн нэрийг өргөж ямагт манлайлдаг. Тиймээс үндэсний том компаниудаа чин сэтгэлээс дэмжиж байна. Тэд уул уурхайн салбарт дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахаар болж, өөрсдөө олон улсын түвшний менежмент хийж байгааг харлуулан гутаах биш , харин баяр хүргэн дэмжих ёстой юм.

Уул уурхайн салбар Монгол оронд маань асар их боломжийг хайрлана. Гео эдийн засгийн хувьд олон орноос хамаарсан таатай орчин манай гадаад орчинд бүрдэх өдөр ойрхон байна. Геополитикийн түгжигдмэл байдлаасаа гарах мөрөөдөл бидний сэтгэл зүрхэнд үе дамжин амьдарсан билээ. Мөрөөдөл биелэх цаг ирсэн. Монголын банк санхүүгийн систем өвчнөө зоригтой эмчилж, гашуун эм ууж эхэлсэнд уурлаж буй хүмүүс их цөөхөн байх аа. Ээдрээтэй цаг үед эрүүл сэтгэж байгаа олон олон монгол хүний саруул ухаанд итгэж байна.    

No comments:

Post a Comment