Thursday, December 3, 2009

Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга

Хямрал дээр дарамт нэмэрлэх дарга
Моод Монголоор дуусдаг гэгчээр Дэлхийн эдийн засгийн хямрал биднээр дуусах бололтой. АНУ-д эдийн засаг сэргэж байна гэсэн сайхан мэдээ дуулдаж буй ч манай улсын хувьд хямрал ид эрчээ аваад хэцүү л байна. Ядаж байхад хямрал дээр дарамт ирнэ. Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар гэж төслийн мөнгө идэж сурсан нөхөр бий. Энэ эрхэм цахилгааны үнэ нэмэхгүй бол станцууд хэцүүдлээ гээд том дуугардаг болжээ. Ёстой дарамттай.

Монголчуудыг гал алдах вий  гэсэндээ “донор” орнууд ТЭЦ-4-т буцалтгүй тусламж үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан юм. Ц.Баярбаатар дарга энэ станцын захирлаар ажиллаж байхдаа мөнгө “цохиж” сурсан нэгэн билээ. Хамгийн ойрын жишээ л гэхэд Японы Засгийн газрын зуух шинэчлэх хөтөлбөр. ТЭЦ-4 монголчуудын гол голомт учраас гадныхан өглөгөө олон хүнд хүртээхийн тулд эрчим хүчний салбарыг сонгодог нь ойлгомжтой. Гэхдээ тусламж хөтөлбөрийн үр шимийг хэн нь илүү хүртэв гэдгийг жишиж үзэх хэрэгтэй юм.  Олон нийтэд хаяглагдаж ирсэн тэр хөрөнгөнөөс станцын удирдлагууд, тэр дундаа уг хамт олныг 15 жил толгойлсон Ц.Баярбаатар бусдаас илүү хүртсэн  гэх мэдээлэл байдаг.  Эрхэм дарга Улаанбаатараас 80 км зайтай,  Төв аймгийн Баянчандман суманд харьяалагдах нутаг дэвсгэрт хувийн эдлэн газар, тохилог шилтгээнтэй  юм. Тойрон хүрээлэгчдийнх нь бусад хаусыг мөн анзаарвал нууцлаг “вант улс”-ыг бий болгож чадсан байна.

Эрчим хүчний шугам 10 км-ээс татаж тансагласан зэргээс харахад “ТЭЦ-4”-ийн даргын суудал унжуургатай байсныг илтгэх биз. Хотын захын хорооллынхон харуй бүрийд гэрэлгүй гудамжаар тэмтчин үгээ хэлж явахад Ц.Баярбаатар дарга хувийн эдлэндээ сайжруулсан хайрган зам тавьж,  гудамжны гэрэлтүүлэг тавьсан нь аргагүй л станцын дарга тэгэлгүй дээ гэмээр.

Монголын хамгийн том станцын даргаар олон жил  ажилласан тэрбээр өндөр цалинтай байсан ч “вант улс” байгуулах хэмжээний хөрөнгө  хуримтлуулахгүй шүү дээ.

Аль  ч засагт тал алддаггүй Ц.Баярбаатар албан тушаалаар намуудын амыг барьдаг байсан гэх мэдээлэл мөн чих дэлсдэг билээ. Тухайлбал, 1996-2000 онд “Ардчилсан хобоо” эвсэл, 2000-2004 онд МАХН дангаар Засгийн эрх барьж  байх хугацаанд Ц.Батбаатар “ТЭЦ-4”-т “хадагдсан” байдаг. Учир юу вэ гэвэл  тэр өөрийн мэдлийн албан тушаал буюу доод хүмүүсээ дээд хүмүүст худалдаж иддэг байсан гэдгийг эх сурвалж хэлэх юм билээ. Баримт ч байх аж. Засгийн газарт  Эрчим хүчний сайдаар “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг ажиллаж байхад “ТЭЦ-4”-ийн  Хангамжийн хэлтсийн даргаар Б.Ширнэн гэдэг залуу ажиллаж байсан аж. Харин Ч.Хүрэлбаатар сайдын үед уг албыг Анхбаяр гэх залуу хашиж байсан гэх.  Сайдтай адилхан энэ  станцын Хангамжийн хэлтсийн дарга ойр ойрхон солигддог нь Ц.Баярбаатар доод албан тушаалтнаа дээд хүнд “худалдаж” өөрөө суудалдаа тэсч үлддэг байж гэх хардлагыг эрхгүй төрүүлж буй.

Ц.Баярбаатар өдгөө Эрчим хүчний газрын даргаар ажиллаж байна.  Төслийн мөнгө хувааж идэлцэхэд гаршсан гэдгээр түүнийг тушаал дэвшүүлсэн хэрэг биз. Эрчим хүчний газар хэдэн тэрбум төгрөг, ам.доллараар яригдах төслүүдийг хэрэгжүүлж буй юм. Тайширийн усан цахилгаан станц, Эрчим хүчний алдагдал бууруулах, Орон нутгийн дулаан хангамжийг сайжруулах, Хөдөөний цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гээд олон төслийг Эрчим хүчний газар ажил хэрэг болгож буй.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ ч өндөр. Тухайлбал, Тайширын УЦС-д л гэхэд Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан 20 сая ам.доллар, Хөгжлийн Абу Даби сан 13 сая, Засгийн газар 5,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн төслийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний алдагдал бууруулах төсөлд Дэлхийн банкнаас 23.4 сая ам.долларын зээл, дотоодын 6,24 сая ам.доллар, Орон нутгийн дулаан хангамжийг сайжруулах төсөлд  Японы ядуурлыг бууруулах сан, АХБ-ны буцалтгүй тусламж 2 сая ам.доллар, Засгийн газар 270 мянган ам.долларын санхүүжилт хийж монголчуудыг цахилгаан эрчим хүчээр хангах том төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч төслийн мөнгө хийх ажилдаа бүрэн зарцуулагдахгүй  байгаа тухай мэдээлэл чих халууцуулах болов.  Эрчим хүчний салбарыг идэж хандаггүй Ц.Баярбаатар дарга том байгууллага удирдах тусмаа том иддэг болж гэсэн алдуул үг ч дуулдана лээ. Ямартай ч төслөөр угжигдсан дарга хямрал дээр дарамт авчирч эрчим хүчний үнэ нэмнэ хэмээн ард түмнийг айлгах болов. Идэж, уусныг нь улсад төлүүлж өрөнд дарагдсан станцуудад нь өгвөл, Ц.Баярбаатар дарга байхаа больсон цагт, хямралын энэ үед бус дараа нь цахилгааны үнийг нэмэхэд иргэд эгдүүцээд байх юмгүй юм.

No comments:

Post a Comment