Thursday, December 3, 2009

Австралийн Квинсланд мужид Монголчуудын холбоо байгуулагдлаа

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны бүтэн сайн өдөр Австралийн Квинсланд мужийн Монголчууд хуран цуглаж Монголчуудын холбоо байгуулжээ.

Тус хуралдаанаас долоон хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулж, Холбооныхоо тэргүүнээр Ё. Гантулгыг сонгосон байна. Ё.Гантулга нь Квинсландын Технологийн Их Сургуулийг 2005 онд Техникийн шинжлэх ухааны магистрээр төгсөж, одоо Делл болон Юнисис компанид инженерийн ажил хийдэг ажээ.


Мөн дэд тэргүүнээрээ П. Батжаргал /Гриффит Их Сургуулийг санхүү-эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн магистрээр 2008 онд төгссөн. Одоо АСС  компанид нягтлан бодогч/, нарийн бичгийн даргаар Т. Төрболд /Гриффит Их Сургуулийн оюутан/ нарыг сонгосон байна.

Тус мужид нийт 100 орчим Монголчууд амьдардаг бөгөөд ихэнх нь Квинсланд мужийн төв болох хоёр сая гаруй хүнтэй Австралийн гурав дахь том Брисбане хотод оршин суудаг. Квеенсланд муж нь газар нутгийн хэмжээгээрээ Монголтой ойролцоо боловч 4.5 сая хүнтэй уул уурхай, аж үйлдвэрээс гадна боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар мужийнхаа орлогын ихэнхийг бүрдүүлдэг эдийн засгийн хүч чадлаараа Австралидаа гуравт ордог, сүүлийн 10 жилд  хамгийн хурдан эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг нь юм.

Энд амьдарч байгаа Монголчуудын олонхи нь оюутан, залуучууд, тэдний гэр бүлийнхэн бөгөөд, эдгээрээс  онцолбол докторант М. Биндэрьяа, Д. Мөнхтуяа, И. Бат-Эрдэнэ тэргүүтэй олон эрдэм мэдлэгтэй залуучууд эрдэм шинжилгээний бүтээлээ мэргэжлийнхээ хэвлэл, сэтгүүлд нийтлэн, олон улсын хурал семинарт илтгэлээ хэлэлцүүлж байдаг нь бахархууштай.

Квинсландын Монголчуудын Холбооноос энэхүү мэдээг илгээснийг та бүхэн хүргэлээ.

No comments:

Post a Comment