Thursday, December 3, 2009

Удахгүй тоон телевизийн технологи Монголд нэвтэрнэ

Удахгүй тоон телевизийн технологи Монголд нэвтэрнэ
БНСУ-ын Засгийн газар болон тоон телевизийн үйлчилгээ үзүүлдэг Солонгосын хувийн байгууллагууд, Монголын харилцаа холбооны зохицуулах хороо хамтран хөдөлгөөнт тоон интернэтэд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/ оруулж ирлээ
.

Тус хөдөлгөөнт тоон телевизийн үйлчилгээний талаар өчигдөр "Чингис" зочид буудалд танилцууллаа. Энэ үеэр БНСУ-ын судалгааны хүрээлэн, үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөл 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй форум зохион байгуулсан бол манай улсын талаас 100 орчим төлөөлөл тус форумд оролцлоо. Түүнчлэн Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл  ажиллагаа явуулдаг байгууллагууд, Солонгосын мөн ижил үйл ажиллагаа явуулдаг  байгууллагуудтай хамтарч тоон телевизийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Мөн ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тэрбээр "Тоон телевиз монголд нэвтэрснээр манай улсын иргэд өөрийн гар утсан дээрээ телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой болно. Үүнийг хөгжүүлэхийн тулд Солонгос болон Монголын байгууллагууд хамтарч төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд манай ШУТИС, Мэдээлэл, холбооны сургуулийн эрдэмтэн, профессор, мэргэжилтэн, багш нар хамтарч ажиллах юм" гэлээ. Уг төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөнт болон, интернэтэд суурилсан үйлчилгээг машиндаа, гар утсандаа, хөдөө орон нутагт гээд хаана ч үзэх боломжтой болох ажээ.

No comments:

Post a Comment