Thursday, December 3, 2009

“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол

“Бөртэ чоно”-ын эзэн хэн байх бол
Монголын үндэсний олимпийн хороо, Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг "Бөртэ Чоно"наадам энэ сарын 22-нд болох гэж байна.
Уг наадам нь 2002 оноос уламжлал болж шилдэг тамирчдыг шалгаруулж ирсэн билээ. Анхны "Бөртэ Чоно"-ын эзнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорсон. Харин энэ удаа хэн шалгарах вэ гэдэг нь таавар хэвээр байна.

Энэ жилийн наадамд 30 гаруй тамирчны нэр дэвшжээ. Ингээд зарим тамирчдын сонин сайхнаас хүргэе.
 
Х.Цагаанбаатар:  Би дөнгөж л бэлд нь явна
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд 2004, 2006 оны "Бөртэ Чоно"-ын эзнээр шалгарсан билээ. Тэрбээр энэ жил жүдо, самбо бөхийн дэлхийн аварга, мөн дэлхийн цомын тэмцээний алтан медаль хүртэж, эх орныхоо далбааг дэлхийн тавцанд гурвантаа мандууллаа.
Мөн баатар гэр бүлийн эзэн маань Ховор-Эрдэнэ нэртэй охинтой болсон. Түүний хувьд энэ мэтээр олон гайхамшигтай үйл явдлын эзэн нь байлаа. Тэрбээр "Их спортыг уул гэвэл би дөнгөж бэлд нь л явж байна" хэмээн амжилтаа дүгнэсэн юм.
Одоогоор тэрбээр энэ сарын дундуур Япон улсад болох дэлхийн шилдэг 16 тамирчны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй.

Бөх болж чадаагүй П.Сэрдамба
Багадаа чулуугаар байлдан толгойгоо хагалж, дугуйгаар уралдан хүүхдийн гар хугалж явсан "Баянхошууны дэггүй шар" хочтой П.Сэрдамбыг дэлхийн аварга болно гэж хэн санах билээ.
Анх бөхийн секцэд орж, том биетэй тамирчдад дээрэлхүүлж, бөх болж чадахгүй гэдгээ мэдэрсэн тэрбээр боксоор хичээллэж эхэлсэн гэдэг.
Түүний гэргийг Золзаяа гэдэг агаад Сэлэнгэ нутгийн бүсгүй. Тэд энэ намар хуримлаж, хөөрхөн охинтой болцгоосон билээ.
Серго маань баяр наадам, хүний дуу чимээнээс ангид бэлтгэлээ хийж, Лондонгийн олимпод амжилтаа ахиулах зорилго өвөртлөсөн гэсэн.

Н.Төгсцогтод хөгжилтэй охин таалагддаг
17-хон насандаа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, Монголын ард түмэн ямар хүчирхэг болохыг хүн төрөлхтөнд харуулж чадсан тамирчин бол Н.Төгсцогт билээ.
Тэрбээр багадаа тулаанч болохыг мөрөөддөг байжээ. Мэдээж энэ нь түүнийг боксчин болоход нь нөлөөлсөн. Одоогоор Н.Төгсцогт бэлтгэл, хичээл сургууль гэсээр найз охингүй яваа. Гэхдээ түүнд хөгжилтэй охид таалагддаг юм билээ.
Тэрбээр медаль авч эх орондоо ирэхдээ ард түмнийхээ сайхан хүлээж авахыг хараад "Би цаашдын тэмцээндээ л амжилт үзүүлдэг юм шүү" гэж өөртөө амласан гэдэг.

No comments:

Post a Comment